Thursday, October 15, 2009

Төрсөн өдрөө тэмдэглэсэн нь

Миний төрсөн өдөр 10 сарын 10-нд. Хүн бүр энэ өдрийг тэсэн ядан, догдолж хүлээдэг байх, ямар бэлэг ирэх бол гэсэн битүүхэн хөнгөн таамаглалтай. Яг төрсөн өдрийнхөө урьд өдөр нь найзуудтайгаа оройн хоолонд орлоо. Тэр ресторан нь Монголын язгуур урлаг, ёс заншил, хөгжим, гэр гэх мэт соёлын томоохон ордон гэж хэлж болохоор газар байлаа. Мөн зочид буудлаа ч гэсэн монгол гэрийн дизайнаар тохижуулсан нь үнэхээр сэтгэлд дотно санагдана. Энд байрласан гадны зочид гийчид бүхий л стрессээ мартан, сэрэх ёстой цагаасаа хоцордог гэм энд гарна, учир нь аура нь үнэхээр хүний сэтгэлийн ядаргааг бүр мөсөн арилгаад, бие нь ч тэр хирээр төгс сайн амардаг бололтой юм.
Өөр нэгэн гайхалтай зүйл нь морин хуур, хуучир, хулсан хуурын аялгууг "unplugged" байдлаар сонсоход урьд нь зөндөө олон удаа сонсож байснаас хамаагүй өөрөөр сонсогдоно. Live concert үзээд дараа нь телевизээр үзэх хоёр ямар ялгаатай билээ яг л тийм хол зөрүүтэй сонсогдож байлаа. Мөн морин хуурын түүх, Аргасун хуурчийн тухай түүхийг сонсоход өөрийн эрхгүй монгол хүн болж төрсөн, ийм сайхан аялгуу эгшиг, ийм сайхан амгалан орчинг бидний өвгөд дээдэс маань бидэнд бүтээж өгчээ гэж бодохоор талархах, бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Бид өөрсдөө мэддэг юм шиг хирнээ анзаардаггүй олон гайхамшигтай зүйлс бидний соёл, урлаг, ёс заншилд маань байсаар ирсэнийг залуус бид умартсаар байгаа бол тэр нь жинхэнэ эмгэнэл байх болов уу. Өөрийн гэсэн соёлгүй, газар нутаггүй нүүдэллэж суурьшсан, төрийн түүх нь богинохон гэх мэт сул талуудтай орныг юунд ч гоё гэж хардаг юм болоо. Жинхэнэ сайхан, амгалан тайван амьдрах орчноо өөрийнхөө эх орондоо буй болгож, эндээ л сайхан амьдарч болохгүй гэж үү?
Дээр өгүүлсэн бэлэгний тухай гэвэл би амьдралдаа авсан хамгийн сайхан бэлгийн нэг нь би монгол хүн болж төрөөд ийм сайхан соёл, заншилтай, хөгжимтэй, урлагтай оронд төрснөө ухааран, түүнийгээ үнэлэн талархаж, бахархаж чадсан явдал юм. Мөн гэрт заавал тоглодог морин хуур залах учиртайг мэдлээ. Учир нь гэрт янз бүрийн байдлаар хурган орсон сөрөг эрчмийг (bad energy)үлдэн хөөдөг учиртай юм байна лээ. Энэ чинь л өөрөө тэр чигээрээ Фэн шуй байна шүү дээ. Дэргэд байсан зүйлээ бид анзаарахгүй, үнэлэхгүй байдгийн наад захын жишээ энэ байх даа. Тиймээс миний дүгнэлт бол өөрт байгаа зүйлээ үнэлж, хайрлаж, тордож, улам өнгөлж сурах нь чухал юм байна. Хүний сайхан зүйлд санаархах бус өөрт буй нөөц, боломж чадлаа л сайжруулах ёстой юм байна шүү дээ. Би Монголдоо улам их хайртай, ухаант ард түмнээ бишрэн хүндлэх сэтгэлээр дүүрэн нэгэн оройг үдсэн нь мөнгөөр илэрхийлэх ямар ч аргагүй сайхан бэлэг байлаа.

Цаг хугацаа

Эргэн тойрон хаашаа ч харсан цаг хугацааны заалт байх юм. Хурал зөвлөгөөн, тоглолт, телевизийн хөтөлбөр, ажил, сургууль зэрэг бүгд л очих, явах цагтай. Бүх юмыг цаг хугацаатай гэдгийг, тухайн өдөр, цаг минут хором бүр хэзээ ч давтагдашгүй, эргэж ирэхгүй гэдгийг мэдсээр байж цагийг дэмий өнгөрөөсний дараа өөрөө өөрийгөө зэмлээд л өнгөрнө. Титэм үг саяхан уншиж байхад хамгийн их хоногшсон үг нь “бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай” гэсэн хэсэг байлаа. Нээрээ л бүх зүйл цаг хугацаатай байх юм, дуунд хүртэл “цаг нь болоогүй хайрын төлөө цагаасаа өмнө шаналах хэрэггүй” гэж гарна. Тэгэхлээр бүх зүйлд өөрийн гэсэн цаг хугацаа байна, тэр нь хэзээ ч эргэж давтагдахгүй, мөн хэнийг ч ялгахгүй.

Саяхан л нэгэн үйл явдал тохиож байснаа санаад эргээд бодоход 10 жил өнгөрсөн байна шүү дээ гэж бодохоор өчигдөр л мэт санагдана. Гэтэл энэ өнгөрсөн 10 жилд юу болж өнгөрөвөө гэж өөрөөсөө асуухад зүгээр л байж байгаад өнгөрсөн юм шиг, утгагүй байдлаар өнгөрсөн ч юм шиг санагдахад харамсмаар. Хүмүүсийн ярилцлагыг сонсоход хүмүүс зарим зүйлд амьдралынхаа 20, 30, 40 жилийг зориулсан гэж ярихыг сонсоод ямар их урт хугацаа вэ гэж бодон, тэр хүн энэ их он жилүүдэд юу хийж байсан юм болоо гэж санагдана.

Хэдийгээр хорь, гучин жил байлаа ч гэсэн “харвасан сум шиг”, “хаднаас халин унах” цаг хугацаатай хүний амьдралыг зүйрлэдэг гэж бодохоор маш богино юм. Тиймээс хэрэггүй дэмий зүйлд ямар ч цагийг үрэлгүйгээр, олон жил, нэг жил, сар, долоо хоног, цаг, минутаар өөрийнхөө тавьсан зорилгыг биелүүлэхийн төлөө, биелсэн бол өөртөө урам зориг өгч, өөрийгөө “дайлж” урамшуулан, биелүүлж чадаагүй бол дүгнэлт хийгээд алдаагаа дахин давтахгүй, өөрийгөө дайчлах хэрэгтэй болох нь. Гэхдээ юунд дайчлах вэ, хэдэн ч жил өнгөрсөн, би ийм олон жилүүдийг юунд зориулж ирэв ээ гээд өөрөөсөө асуухад өөртөө ч тэр, өрөөлд ч тэр харамсал төрүүлэхээргүй тийм нэгэн зүйлд зориулвал ямар вэ? Харин тэр нь ямар зүйл байж болох вэ гэдэг нь хувь хүмүүсийн сонголтын асуудал юм. Миний хувьд бол өөрийгөө зөв зүйлд боловсронгуй болгох, намайг хэзээ ч хуурахгүй, орхихгүй, дундрахгүй, эндүүрэггүй зүйлд зориулна гэж бодож байна.

Би энэ зүйлийг бичихэд тодорхой цагт эхэлж, тодорхой цагт дуусгаж байна. Та бидний амьдрал ч гэсэн тодорхой хугацаанд үргэлжлээд дуусахад өөртөө харамсахгүй байхаар тийм л байдлаар амьдарсан байгаасай. Учир нь цаг хугацаа бидний амьдралыг хэдий хэмжээгээр үргэлжлэх вэ гэдгийг хэлж чадаагүй, одоогоор хэн ч түүнийг хэлж чадаагүй байна. За ингээд цагийг үр бүтээлтэй, харамсахааргүй зүйлд зориулья!

Thursday, August 27, 2009

"Амьдрах гэдэг бол зогсолтгүй урагшлахыг хэлнэ."

Хүн өөрөө чухам ямар замаар явж, чухам юунд хүрэх вэ гэдэг зорилго нэн тодорхой болж байж хүсэл мөрөөдлийн чандмань эрдэнээ эрж олно. Залуу хүн бүр томоос том, өндрөөс өндөр зорилт өмнөө тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг нартай уралдан, идэх хоол, унтах нойроо хугаслан, зориг эрмэлзэл дүүрэн хичээн зүтгэ. Хүрч чадахаасаа өндөр, хийж чадахаасаа илүү зорилго тавь.

Tuesday, August 25, 2009

Саятны амжилтын нууц

Хүний хувь заяаны төмөр хууль гэж байдаг. Энэ нь шалтгаан ба үр дагавар хоёр юм. Та өөрөө ажиллаж, өөрийнхөө мөнгийг хийнэ гэж бодож эхлэвэл, та тэр хүмүүсийн хүртсэн баялаг, буян хишигт мөн нэгэн адил хүрэх болно. Хүссэн мөрөөдлөө бодит болоход танд доорх зөвлөгөө бага ч болов туслах болов уу.

1. Агуу ихийг бод
2. Чиглэлийн тодорхой мэдрэмжтэй ажиллах
3. Зөвхөн өөртөө хариуцлагыг үүрч ажилла
4. Өөрийнхөө хүсэж, дурлаж буй зүйлээ хий
5. Өөрийгөө шилдэг сайн болгоход зориул
6. Илүү удаан, илүү шургуу ажилла
7. Амьдралынхаа турш тасралтгүй суралц
8. Эхлээд өөрөө өөртөө хадгаламж нээ
9. Өөрийнхөө ажил үйлсийн бүрдэл бүрийг нарийвчлан судал
10. Бусдад үйлчлэхэд өөрийгөө зориул
11. Өөртөө болон бусдад хамгийн үнэнч ханд
12. Өөрийнхөө хамгийн сайн гэсэн төсөөллөө тодорхойлж, тодорхой зорилготойгоор түүн дээрээ төвлөрөн ажилла
13. Өөрийгөө хурдан шаламгай, итгэлтэй ажилтан болгож хүмүүжүүл
14. Оргилоос оргилд авирахад хэзээд бэлэн бай
15. Хийж байгаа бүх зүйлдээ өөрийн сахилга батыг тогтоо
16. Өөрийнхөө төрөлхийн бүтээлч чадвараа бүү саармагжуул, улам хөгжүүл
17. Хандлага сайтай таарамжтай хүмүүстэй нийлж ажилла
18. Өөрийн эрүүл мэндийн төлөө онцгой анхаар
19. Үйл явдалд чиг баримжаатай, шийдэмгий бай
20. Амжилтгүй, бүтэмжгүй болох хувилбарыг хэзээ ч бүү зөвшөөр
21. Шаргуу зан, цөхрөлтгүй оролдлогын шалгалтыг даван туул

Сурвалж: Business Times сонин. №4

Saturday, August 22, 2009

Сайн байцгаана уу?

Өнөөдөр би энд блогийг нээлээ. Өнөөдур Дашням, Балжиннямтай өдөр. Энэ блогийн нэрийг хараад та нар Калвин Клайны үнэртэй усаар нэрлэсэн байна гэж ойлгож болох юм. Гэхдээ би энэ нэрийг тэс өөр өнцгөөс бодож олсон билээ. Энэ нэр нь таны амьдралд миний хүсэх зүйл юм. Ингээд хамтдаа аз жаргалтай амьдралын төлөө урагшаа тэмүүлцгээе.