Thursday, October 15, 2009

Цаг хугацаа

Эргэн тойрон хаашаа ч харсан цаг хугацааны заалт байх юм. Хурал зөвлөгөөн, тоглолт, телевизийн хөтөлбөр, ажил, сургууль зэрэг бүгд л очих, явах цагтай. Бүх юмыг цаг хугацаатай гэдгийг, тухайн өдөр, цаг минут хором бүр хэзээ ч давтагдашгүй, эргэж ирэхгүй гэдгийг мэдсээр байж цагийг дэмий өнгөрөөсний дараа өөрөө өөрийгөө зэмлээд л өнгөрнө. Титэм үг саяхан уншиж байхад хамгийн их хоногшсон үг нь “бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай” гэсэн хэсэг байлаа. Нээрээ л бүх зүйл цаг хугацаатай байх юм, дуунд хүртэл “цаг нь болоогүй хайрын төлөө цагаасаа өмнө шаналах хэрэггүй” гэж гарна. Тэгэхлээр бүх зүйлд өөрийн гэсэн цаг хугацаа байна, тэр нь хэзээ ч эргэж давтагдахгүй, мөн хэнийг ч ялгахгүй.

Саяхан л нэгэн үйл явдал тохиож байснаа санаад эргээд бодоход 10 жил өнгөрсөн байна шүү дээ гэж бодохоор өчигдөр л мэт санагдана. Гэтэл энэ өнгөрсөн 10 жилд юу болж өнгөрөвөө гэж өөрөөсөө асуухад зүгээр л байж байгаад өнгөрсөн юм шиг, утгагүй байдлаар өнгөрсөн ч юм шиг санагдахад харамсмаар. Хүмүүсийн ярилцлагыг сонсоход хүмүүс зарим зүйлд амьдралынхаа 20, 30, 40 жилийг зориулсан гэж ярихыг сонсоод ямар их урт хугацаа вэ гэж бодон, тэр хүн энэ их он жилүүдэд юу хийж байсан юм болоо гэж санагдана.

Хэдийгээр хорь, гучин жил байлаа ч гэсэн “харвасан сум шиг”, “хаднаас халин унах” цаг хугацаатай хүний амьдралыг зүйрлэдэг гэж бодохоор маш богино юм. Тиймээс хэрэггүй дэмий зүйлд ямар ч цагийг үрэлгүйгээр, олон жил, нэг жил, сар, долоо хоног, цаг, минутаар өөрийнхөө тавьсан зорилгыг биелүүлэхийн төлөө, биелсэн бол өөртөө урам зориг өгч, өөрийгөө “дайлж” урамшуулан, биелүүлж чадаагүй бол дүгнэлт хийгээд алдаагаа дахин давтахгүй, өөрийгөө дайчлах хэрэгтэй болох нь. Гэхдээ юунд дайчлах вэ, хэдэн ч жил өнгөрсөн, би ийм олон жилүүдийг юунд зориулж ирэв ээ гээд өөрөөсөө асуухад өөртөө ч тэр, өрөөлд ч тэр харамсал төрүүлэхээргүй тийм нэгэн зүйлд зориулвал ямар вэ? Харин тэр нь ямар зүйл байж болох вэ гэдэг нь хувь хүмүүсийн сонголтын асуудал юм. Миний хувьд бол өөрийгөө зөв зүйлд боловсронгуй болгох, намайг хэзээ ч хуурахгүй, орхихгүй, дундрахгүй, эндүүрэггүй зүйлд зориулна гэж бодож байна.

Би энэ зүйлийг бичихэд тодорхой цагт эхэлж, тодорхой цагт дуусгаж байна. Та бидний амьдрал ч гэсэн тодорхой хугацаанд үргэлжлээд дуусахад өөртөө харамсахгүй байхаар тийм л байдлаар амьдарсан байгаасай. Учир нь цаг хугацаа бидний амьдралыг хэдий хэмжээгээр үргэлжлэх вэ гэдгийг хэлж чадаагүй, одоогоор хэн ч түүнийг хэлж чадаагүй байна. За ингээд цагийг үр бүтээлтэй, харамсахааргүй зүйлд зориулья!

1 comment:

  1. neeree shuu zarim zuils heterhii boginu hugazaand bolood ungurdug

    ReplyDelete