Thursday, October 15, 2009

Төрсөн өдрөө тэмдэглэсэн нь

Миний төрсөн өдөр 10 сарын 10-нд. Хүн бүр энэ өдрийг тэсэн ядан, догдолж хүлээдэг байх, ямар бэлэг ирэх бол гэсэн битүүхэн хөнгөн таамаглалтай. Яг төрсөн өдрийнхөө урьд өдөр нь найзуудтайгаа оройн хоолонд орлоо. Тэр ресторан нь Монголын язгуур урлаг, ёс заншил, хөгжим, гэр гэх мэт соёлын томоохон ордон гэж хэлж болохоор газар байлаа. Мөн зочид буудлаа ч гэсэн монгол гэрийн дизайнаар тохижуулсан нь үнэхээр сэтгэлд дотно санагдана. Энд байрласан гадны зочид гийчид бүхий л стрессээ мартан, сэрэх ёстой цагаасаа хоцордог гэм энд гарна, учир нь аура нь үнэхээр хүний сэтгэлийн ядаргааг бүр мөсөн арилгаад, бие нь ч тэр хирээр төгс сайн амардаг бололтой юм.
Өөр нэгэн гайхалтай зүйл нь морин хуур, хуучир, хулсан хуурын аялгууг "unplugged" байдлаар сонсоход урьд нь зөндөө олон удаа сонсож байснаас хамаагүй өөрөөр сонсогдоно. Live concert үзээд дараа нь телевизээр үзэх хоёр ямар ялгаатай билээ яг л тийм хол зөрүүтэй сонсогдож байлаа. Мөн морин хуурын түүх, Аргасун хуурчийн тухай түүхийг сонсоход өөрийн эрхгүй монгол хүн болж төрсөн, ийм сайхан аялгуу эгшиг, ийм сайхан амгалан орчинг бидний өвгөд дээдэс маань бидэнд бүтээж өгчээ гэж бодохоор талархах, бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Бид өөрсдөө мэддэг юм шиг хирнээ анзаардаггүй олон гайхамшигтай зүйлс бидний соёл, урлаг, ёс заншилд маань байсаар ирсэнийг залуус бид умартсаар байгаа бол тэр нь жинхэнэ эмгэнэл байх болов уу. Өөрийн гэсэн соёлгүй, газар нутаггүй нүүдэллэж суурьшсан, төрийн түүх нь богинохон гэх мэт сул талуудтай орныг юунд ч гоё гэж хардаг юм болоо. Жинхэнэ сайхан, амгалан тайван амьдрах орчноо өөрийнхөө эх орондоо буй болгож, эндээ л сайхан амьдарч болохгүй гэж үү?
Дээр өгүүлсэн бэлэгний тухай гэвэл би амьдралдаа авсан хамгийн сайхан бэлгийн нэг нь би монгол хүн болж төрөөд ийм сайхан соёл, заншилтай, хөгжимтэй, урлагтай оронд төрснөө ухааран, түүнийгээ үнэлэн талархаж, бахархаж чадсан явдал юм. Мөн гэрт заавал тоглодог морин хуур залах учиртайг мэдлээ. Учир нь гэрт янз бүрийн байдлаар хурган орсон сөрөг эрчмийг (bad energy)үлдэн хөөдөг учиртай юм байна лээ. Энэ чинь л өөрөө тэр чигээрээ Фэн шуй байна шүү дээ. Дэргэд байсан зүйлээ бид анзаарахгүй, үнэлэхгүй байдгийн наад захын жишээ энэ байх даа. Тиймээс миний дүгнэлт бол өөрт байгаа зүйлээ үнэлж, хайрлаж, тордож, улам өнгөлж сурах нь чухал юм байна. Хүний сайхан зүйлд санаархах бус өөрт буй нөөц, боломж чадлаа л сайжруулах ёстой юм байна шүү дээ. Би Монголдоо улам их хайртай, ухаант ард түмнээ бишрэн хүндлэх сэтгэлээр дүүрэн нэгэн оройг үдсэн нь мөнгөөр илэрхийлэх ямар ч аргагүй сайхан бэлэг байлаа.

3 comments:

  1. сэтгэлээрээ хамт байсан шоо

    ReplyDelete
  2. Dajgui gazar orson yum bishuu? Mongold ochihoor namaig tiish ni daguulj minii turdun udruur orno shuu, minii naiz. 10+ jiliinhee nuhurluliig bas temdeglene shuu. Take care dear.

    ReplyDelete
  3. naizushka ajil ihtei guigeed l baina uu daa

    ReplyDelete